ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

A- A A+
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, экологид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийг тоймлон хүргэж байна.

- Ц.Ш нь 2026 оны 2 дугаар сарын 04-өөс 05-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Төв аймгийн нутаг дэвсгэрээс 140.9 кг “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан хонин арц (Juniperus sabina)-ыг түүж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, улмаар ургамлын аймагт 71.1 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 

Шүүхээс Ц.Ш-ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар Завхан аймгийн .... сумаас гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнээс ургамлын аймагт учруулсан 71.1 сая төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн байна.