Б.ГАНТУЛГА: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГЧ, СОНСОГЧ НЬ БАЙХЫГ ЭРМЭЛЗЭХ ХЭРЭГТЭЙ

A- A A+
Б.ГАНТУЛГА: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГЧ, СОНСОГЧ НЬ БАЙХЫГ ЭРМЭЛЗЭХ ХЭРЭГТЭЙ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “Хүүхэд сураггүй алга болсон” талаарх гомдол, мэдээллийг 2024, 2025 оны байдлаар судалсан байна. Энэ талаар тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Гантулгатай ярилцлаа. 

 

Судалгааг хийх болсон шалтгаан, нөхцөл юу байсан бэ?

Сонгинохайрхан дүүрэг нь хүн ам ихтэй, орон нутгаас ирэх шилжилт хөдөлгөөн ихтэй байдгаас шалтгаалаад хүүхэд холбогдсон, хохирсон хэргийн тоон үзүүлэлт ч өндөр гардаг. Тус дүүргийн прокурорын газраас хүүхдийн эрх зөрчигдөх, зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор “хүүхэд сураггүй алга болсон” талаарх гомдол мэдээллийг 2024, 2025 оны байдлаар судалж, хүүхдийн эрх зөрчигдсөн эсэх, хэрэв зөрчигдсөн бол түүнийг сэргээх арга хэмжээ авсан эсэхэд дүгнэлт хийсэн.

Судалгаагаар ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ? Энэ талаар танилцуулбал? 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024 онд хүүхэд сураггүй алга болсон тухай гомдол, мэдээлэл 184 бүртгэгдэж байсан бол 2025 онд 148 бүртгэгдэж, 18.6 хувиар буурсан байна.

2024 онд сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн хүүхдүүдийн 55.4 хувь нь эмэгтэй, 44.5 хувь нь эрэгтэй байсан бол 2025 онд бүртгэгдсэн хүүхдүүдийн 63.5 хувь нь эмэгтэй, 36.5 хувь нь эрэгтэй хүүхэд байсан. Мөн насны байдлыг ангилан авч үзэхэд 14-15 насны хүүхдүүд хамгийн олон удаа оршин суугаа хаягаас гарч, сураггүй алга болсноор бүртгэгджээ.

2024 онд бүртгэгдсэн 184 хүүхдээс 166 нь гэрээсээ, 1 хүүхэд асрамжийн газраас, 17 хүүхэд гудамж талбай, бусад газраас алга болсон гэж бүртгэгдсэн бол 2025 онд 148 хүүхдээс 135 нь гэрээсээ, 1 хүүхэд асрамжийн газраас, 12 хүүхэд гудамж талбай, бусад газраас алга болсон байна.   

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон хүүхдүүдийн мэдээллийг хороогоор ангилж авч үзвэл тус дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамгийн их бүртгэгдсэн тул хорооны засаг даргад нь прокурорын мэдэгдэл бичиж, холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн хүүхдүүд ямар шалтгааны улмаас гэрээсээ болон оршин байгаа газраасаа дайжсан байдаг вэ?  

Юуны түрүүнд цагдаагийн байгууллагад тухайн хүүхдийн ар гэрийн зүгээс хүүхэд нь гэртээ ирж хоноогүй, холбоо бариагүй удсан, сураггүй алга болсон талаарх мэдээлэл ирснээр тухайн хүүхдийг эрж, хайх ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг.

Ихэвчлэн бага насны хүүхдүүдийн хувьд эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж төөрөх тохиолдлууд гардаг бол өсвөр насны хүүхдүүд гэр бүлийн таарамжгүй уур амьсгалаас шалтгаалан гэрээсээ сайн дураараа зугтаж, олон хоногоор алга болсон тохиолдлууд “сураггүй алга болсон” мэдээлэлд бүртгэгдэж, шалгагддаг.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024 болон 2025 оны байдлаар хүүхэд 1-121 хоног хүртэлх хугацаагаар сураггүй алга болсон тохиолдлууд бүртгэгдсэн. Эдгээрээс дийлэнх тохиолдолд Цагдаагийн байгууллага 1-7 хоногийн дотор хүүхдийг олж, гэр бүлд нь хүлээлгэж өгсөн, эсхүл хүүхэд өөрөө гэртээ эргэж ирсэн тохиолдлууд байна.

Хүүхдүүд найзтайгаа уулзахын тулд гэрээсээ гарсан, аав ээжийн зүгээс гадуур гарахыг зөвшөөрдөггүй учраас хэлээгүй явсан, гадуур хоносон тул эргэж очихоос айсан, эцэг, эхтэйгээ таарамжгүй харилцаа үүссэн, муудалцсан зэрэг шалтгаанаар гэртээ очоогүй гэж тайлбарласан байдаг.   

Дүүргийн хэмжээнд сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн нийт гомдол, мэдээллийн дагуу эрэн сурвалжлагдсан хүүхдүүд бүгд олдсон. Харин эргэж олдох үедээ гэмт хэргийн хохирогч болсон нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа 3 тохиолдол байна.  

Сураггүй алга болсон хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гардаг гэж байна. Энд дурдсан 3 тохиолдлын хувьд ямар гэмт хэргийн хохирогч болсон бэ?

Судалгааны хугацаанд сураггүй алга болсон хүүхдүүдээс гэмт хэргийн холбогдогч болсон тохиолдол гараагүй. Харин 3 хүүхэд Эрүүгийн хуульд заасан “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол гарч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?

Дээрх судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, хүүхэд хохирсон, холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг дүүргийн Цагдаагийн газрын болон Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн алба хаагч нарт хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хангаж ажиллах, хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах талаар сургалт хэлэлцүүлэг хийж, санал солилцсон. Цаашид хүүхэд хүүхэд хамгааллын чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөөд байна.

Эцэг эхчүүдэд хандаж сэрэмжлүүлж хэлэх зүйл юу байна вэ?

Хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс ангид байлгаж, хамгаалах үүрэгтэй.

Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэйгээ нээлттэй, чөлөөтэй харилцаж, тэдний хамгийн сайн зөвлөгч бөгөөд сонсогч нь байх, ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын зүгээс хүүхэд хичээлдээ ирээгүй тохиолдолд даруй эцэг, эхтэй нь холбоо барьж мэдэгдэх хэрэгтэй.

Ялангуяа өсвөр насны охид гэрээсээ дайжиж, олон хоногоор гадуур явж байх үедээ гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй тул хүүхэдтэйгээ ойр дотно байж, тэдний сэтгэл зүйг ойлгож, ярилцдаг байх хэрэгтэй.