Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд прокурор, мөрдөгч нараас гадна хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, эрх бүхий албан тушаалтнууд зэрэг 90 орчим алба хаагч оролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хангаж ажиллахад учирч буй бэрхшээл, анхаарах асуудлын талаар хэлэлцэв.
Тус прокурорын газраас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдвээр мэдээлэл хийж, хүүхэд сураггүй алга болох болон хүүхэд хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаарх судалгааны дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Мөн МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш, доктор Т.Булганзаяа “Форензик ярилцлага хийх арга зүй” сэдвээр сургалт, мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Хэлэлцүүлгийн оролцогчид гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон хохирсон хүүхдэд ээлтэй орчин, харилцааг бүрдүүлэх, хүүхдээс мэдүүлэг авахдаа сэтгэл зүйн дарамт учруулахгүй байх, дахин хохирохоос урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар