ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, “Хөгжлийн эрх зүй” ТББ-тай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, ажлын алба, дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтсийн ажилтнууд, хороодын хамтарсан баг, Хүүхдийн тусламжийн 108 дуудлагын төв, Цагдаагийн газрын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд, Мөрдөн байцаах албаны Хүүхэд хохирсон болон хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид оролцлоо.

Прокуророос тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг сүүлийн 3 жилийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах чиглэлээр хийсэн ажил, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгах “Хохирогчийг хамгаалах ажиллагаа, далд хохирогчийг илрүүлэх нь” сэдвээр сургалт хийж, “Хөгжлийн эрх зүйн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Мөнхцэцэг тус дүүргийн хороодын нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн тархалтыг тодорхойлох газрын зургийн арга зүйг хамтарсан багийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх талаар практик дасгал ажиллууллаа.

Оролцогчид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.