Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хяналтын ажиллагааны хэлтэстэй хамтран тус дүүргийн 43 хорооны хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, Цагдаагийн хэсгийн байцаагч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан сургалт зохион байгууллаа.
Сургалтаар тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, тоон мэдээллийг танилцуулж, дүүргийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралтыг буруулахад төрийн байгууллага, хамтарсан багийн ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцсон байна.
Мөн Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хяналтын ажиллагааны хэлтсээс хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийн хор хөнөөл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийж, өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах талаар мэдээлэл өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газар