СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН 1 ГА ГАЗАРТ МОД ТАРИХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН  1 ГА ГАЗАРТ МОД ТАРИХААР  ТӨЛӨВЛӨЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хууль бусаар мод бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж постуудаар нэвтрүүлсэн гэмт хэрэг, зөрчил бусад дүүрэгтэй харьцуулахад их гардаг. 2024 оны эхний улиралд орон нутгаас Улаанбаатар хот руу хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй 30 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон байгаль хамгаалах ажлыг тогтмол хийдэг. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригт тохиодог бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тус дүүргийн прокурорын газрын хамт олон шинээр байгуулагдсан төгөлд мод тарьсан юм.

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нэрэмжит төгөлтэй болох зорилго тавин, дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр тохижуулж буй “Инчоны мөрөөдлийн төгөл”-д 1 га газарт мод тарихаар болжээ. Уг ажлын эхлэл болгож 200 ширхэг шинэс модыг тарьсан байна.